10 сарын 27-нд “Миний үлгэрийн ертөнц” үзэсгэлэнгийн нээлтийг амжилттай зохион байгуулсан билээ. Төв Азийн өргөмжлөлт, зууны манлай төрийн туульч асан Б.Баярмагнай үзэсгэлэнг эхлүүлэн тууль хайлж ерөөлөөр өндөрлөн үзэгчдийг угтан авсан ба цаашлан “Миний үлгэрийн ертөнц” уралдаанд шалгарсан бүтээлүүдийг тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнээс У.Бямбаням, Б.Төрмөнх тэргүүтэй танилцуулсан. Тус уралдаанд байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл болон мөнгөн шагналыг гардуулсан бөгөөд “Үлгэрийн урлан” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн бүтээлч ажлуудын үзэсгэлэн “Монголын хүүхдийн урлан бүтээх төв” дээр дэлгэгдсэн юм.
“Үлгэрийн урлан” хөтөлбөрт уран бүтээлч багш нарын сурагчидтайгаа хамтарч хийсэн бүтээлүүд тавигдсан ба дан ганц үзэсгэлэн гараад зогсохгүй бүтээлүүд нь цогцоороо нийлж тайз болж, түүнээ “Үлгэрийн баатрууд амилсан нь” хөтөлбөрийн дагуу “Миний үлгэрийн ертөнц” уралдааны бага ангийн гар зургийн төрөлд түрүүлсэн Оюуны Нахиа сургуулийн 2 дугаар ангийн сурагч Г.Мичидмаа-н “Хүйн Холбоо” зохиолоор Рома хүүхэлдэй театрын сурагчид жүжигчилсэн хүүхэлдэйн тоглолт болгон хүргэв. Жүжигчид “Рома” хүүхэлдэйн театрын 8-р ангийн сурагч Энхрий, 7-р ангийн сурагч Төгөлдөр, 2-р ангийн сурагч Одгэрэл нар хүүхэлдэйн жүжгийг амилууллаа.
Төслийн хүрээнд сурагчдын өөрсдийн зохиосон үлгэрийг тэдний өөрсдийн урласан тайз дээр амилуулж тайлан үзэсгэлэн хэлбэрээр хүргэж буй нь төсөлд хамрагдсан хүүхдүүдийн бүтээлч ажлыг үнэлэн, хийсэн зүйлийнх нь үр дүнг мэргэжлийн түвшинд танилцуулж урам өгснөөр цаашид үлгэр домог зөвхөн сонсоод өнгөрдөг биш сэтгэлгээний эх сурвалж, бүтээлч ажлын санаа байж болох талаар хүүхдүүд ойлгож урам зориг, санаачлагыг авсан билээ.
“Миний үлгэрийн ертөнц уралдаан” нь 2022 оны 9 сарын 17-ноос 9 сарын 29-ний хооронд ЕБС-ын сурагчдын дунд 3 насны ангилалд зарлагдсан. Энэ жилийн уралдааны сэдэв нь “Хүн ба байгалийн шүтэлцээ” байсан бөгөөд бага ангийн сурагчдын дунд цуврал гар зургийн төрлөөр, дунд ангийн сурагчдын дунд зохион бичлэг бичих төрлөөр, ахлах ангийн сурагчдын дунд медиа бүтээлийн төрлөөр “Хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийг сурагчдаар илэрхийлүүлсэн нь онцлог байлаа.
Шалгарсан сурагчдыг дурьдвал:
БАГА АНГИ: "МИНИЙ ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦ" УРАЛДААН
-3-р байрны шагналт бүтээл: ХУД-ийн 89-р сургуулийн 2б ангийн сурагч Т.Гоотөгс “Нар хүн хоёр”
-2-р байрны шагналт бүтээл: Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдүкейшн сургуулийн 2-р ангийн сурагч Д.Иер “Ээжийгээ олсон түүх”
-1-р байрны шагналт бүтээл: БЗД-ийн “Оюуны нахиа” сургуулийн 2б ангийн сурагч Г.Мичидмаа “Хүйн холбоо”
ДУНД АНГИ: "МИНИЙ ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦ" УРАЛДААН
I байрны шагналт бүтээл
Баянзүрх дүүргийн Монтэ Роза сургуулийн 5б ангийн сурагч Ч.Өлзиймөнх "Хүн ба байгалийн шүтэлцээ"
АХЛАХ АНГИ: "МИНИЙ ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦ" УРАЛДААН
I байрны шагналт бүтээл
Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 12г ангийн сурагчид (хамтарсан бүтээл) "Хүн ба байгалийн шүтэлцээ"
“Миний үлгэрийн ертөнц” үзэсгэлэн нь 11 сарын 07-ныг дуустал Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Орд Галерейд үргэлжилсэн ба үзэгчдийг Даваа-Баасан гараг: 08:00-17:00 цаг, Бямба-Ням гараг: 10:00-16:00 цаг хүртэлх хуваарийн дагуу хүлээн авсан юм.
Үзэсгэлэн үргэлжлэн Монгол Билиг Оюун Сургууль, Гадаад Харилцааны Яам, Монте Роза Сургуулиудад аялан толилуулагдаж байна.