“ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦ МУЗЕЙД” ХӨТӨЛБӨРТ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?
Админ
|
Нийтэлсэн: 2022-12-29
Үлгэрийг зөвхөн цаасан дээрээс уншиж танилцахаас гадна түүхийн сурвалжийн бодит жишээг харуулж чадах музейн орчинд “хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийн агуулгад нийцсэн ардын үлгэр, сургамжит өгүүллэгийг хүүрнэгчээс сонсож өөрсдийн мэдэрсэн мэдрэмж, ойлголтыг бусад сурагчдадаа хуваалцаж, аман зохиолоор дамжуулж мэдлэг олох нь тус хөтөлбөрийн гол зорилго билээ.
- Байгалийн Түүхийн Музейд Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн VI-VIII ангийн сурагчид, Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн VIII ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн сурагчид зочилсон ба “Гэрэгэт элч” хөтөлбөрийн зочин ХБНГУ дахь Монгол улсын соёлын элч О.Оюунтуяа мөн тус орчинд сурагчдыг хүлээн авч уулзсан билээ. Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн IX ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн 8-р ангийн сурагчид, “Манай гэр” асрамжийн газрын хүүхдүүд музейтэй танилцаж нийт 211 сурагч Байгалийн Түүхийн Музейн орчинд үлгэрийг сонсож, танилцав.
- Театрын Түүхийн Музейд Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн VIII ангийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн IX ангийн сурагчид, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн VIII-XII ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн VII ангийн сурагчид зочилсон ба “Алдартны өргөө” хөтөлбөрийн зочин МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Х.Энхномин 33-р сургуулийн хүүхдүүдийг музейн орчинд угтаж авч уулзсан билээ. Мөн “Алдартны өргөө” хөтөлбөрийн зочин Mrs.M (Э.Тамир) Театрын Түүхийн Музейд Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн IX,X ангийн сурагчидтай уулзаж өөрийн ажил мэргэжлийн онцлог болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай ярилцсан.
Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн сурагчдыг мөн “Гэрэгэт элч” хөтөлбөрийн зочин ХБНГУ дахь Монгол улсын соёлын элч О.Оюунтуяа угтан авч тус музейн орчинд сурагчдад үлгэр уншиж өглөө.
Тус хөтөлбөрт дээрх сургуулиудын нийт 178 хүүхэд хамрагдсан ба 390 гаруй хүүхэд аман зохиолыг музейн орчинд сонсжээ.